Thursday, July 1, 2010

shagai shuurekh

shagai toglokh

MORI URALDUULAKH

Mongolian national game"Shagai

Уламжлалт Монгол наадаан, Мөсний шагай нь боулинг, кёрлингийн эртний хувилбар.

Амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул яс

Амьтны шаант ясны нарийн үзүүрт орших жижиг цул яс (зарим газар шаа гэдэг). Малын шагайн алц, таа, бөг, цөг гэсэн нэрийг манай ард түмэн хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж, үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлэхийн үүднээс шагай зориуд засч тоглоом болгон ашиглаж ирснээ оньсголсон байна.
Шагайн наадмын агуулга, төрөл хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц үгээр монгол хэл баялаг. «Эрхийн чинээ биетэй Эрдэнийн дөрвөн талтай» хэмээн шагайг монгол ардын оньсогонд зүйрлэн өгүүлсэн бий. Шагайн наадам олон төрөл хэлбэртэй. Тухайлбал: шагай харвах нь нум сумаар харвахын гэрийн сургууль юм. Шагайн таалцахыг тоо бодлогод суралцахын дасгал гэхэд болно. -Аргай. Гөрөөс, үхэр мэтийн том ан амьтны шагайн нэр (үхрийн аргай). -Аргалцаг. Төмөрлөгийн зүйлээр цутгаж хийсэн шагай. - Халцмай. Алц туухайг нь билүүдсэн шагай. -Туухай. Шагайны морин этгээд - Цэг. Шагайны гэлрэгэн этгээд тал, бүг цэг няслах. -Бөг. (бүг) Шагайны түрүүлгэн этгээд, зарим газар хонь, зарим газар ямаа ч гэдэг. - Сах. Шагай харвах сум, голдуу шагайг нүхэлж тугалга цутгаж хийдэг. -Шах. Шагай харвахад өөр өөрийн эзэлсэн тэмдэгт шагай. -Сум тавих:. Сум харвах. -Сум солих. (тэнэх) Байг онохгүй сум тэнэх. -Сумаа угаах: Онохгүй алдах. -Дуг буюу зурхай мөргөх: Урьд харвасан сумны оносон газарт дараа харвасан сум тусахыг. -Дэвхлэх буюу сэнслэх: Тэмдэгт газраас сум давж тусах. -Цөхлийтөх: Шагайг хуруугаар хавчиж алд босгон орхих. -Шагайн тойром: Шагайчид цугларч наадам хийх газар (Энд тамхи татах, алцайж суух зэргийг цээрлэж, багийн ахлагч болон ахмад настанг гүнээ хүндэтгэж, тэдэнд захирагддаг журамтай). -Шагай засах: Шагайг цэвэрлэж додомдох (мөлжих гэдэггүй).

Мөсний шагай


 
Мөсний шагай хэмээх энэ Монголын уламжлалт тоглоом наадмаар наадагсад нилээд олон болж байгаа.  Мөсний шагайчид долоо хоногийн Бямба, Ням гарагт Туул голын мөсөн дээр нааддаг юм байна. Мөсөн шагай гэх энэ тоглоомоор Монгол эрчүүд эртнээс тоглож ирсэн байдаг.
Энэ тухай хамгийн анхны мэдээ баримт нь "Монголын Нууц Товчоо"-нд өгүүлсэн байдаг - Тэмүүжин арван нэгэн настай байхдаа Онон мөрний мөсөн дээр Жамухатай наадаж байгаад өөрийн гуулиар цутгасан шагай ба арц модон годилоо Жамухын гурын шагай ба бярууны эврийг нааж хийсэн дуут сумтай солилцож анд нөхөр болсон тухай өгүүлдэг.  Үүнээс үзэхэд Монгол эрчүүдийн анд нөхөрлөлийн билгэ тэмдэг болсон энэ тоглоом  нь маш эртнээс үүсэлтэй харагдаж байна.  Мөсний шагай хэдийд хэрхэн бий болсон талаар судлагааны зүйлс нилээд хомс бололтой.  Бидний мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь мөсний шагай ч байж талтай.  Эдгээр тоглоомын арга барил, техник нь мөсний шагайн наадаанд тод харагддаг.  Мөсний шагай нь оноот тоглоом. 1,2,3,4,5 гэсэн оноог өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хожно. Мөсний шагайг тоглохдоо тоглогчид баг болж тоглоно. Мөсөн шагайн харвааны тэмцээн нь цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрлийн харваагаар аваргаа шалгаруулдаг.
мөсний шагай сум
Мөсөн дээр бог болон бод малын шагайг мөсөн тавиад зуу орчим метрийн зайнаас сум тавьж тоглодог. Шагайны оронд модон бай ч тавина. Гэхдээ үүнийг шагай гэж нэрлэдэг. Мөсөн дээр бог малын  8 шагай тэдгээрийн голд бод малын ганц шагайг төвд нь тавьж өгнө.  Шагайдын хооронд тодорхой зайтай. Мөсний шагай харваа нь гадна талаасаа төв рүүгээ тэмүүлэх байдлаар оноогоо өгдөг - хамгийн гадна талын шагай болон гадна талаасаа хоёр дахь шагай хоёрын дундуур сум гарвал нэг оноо өгнө. Энэ мэтээр оноог төв рүү тэмүүлүүлж өгнө. Голын том шагайг оновол хамгийн их буюу таван оноог өгдөг журамтай. 
Мөсний шагай - монгол ардын уламжлалт тоглоом
Мөсний шагайчид сумаа гарын доорхи материал ашиглан өөрсдөө хийдэг. Ер нь өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьж буй өнөө үед энэ мэт үндэсний уламжлалт тоглоомуудын тухай ч судлах хэрэгтэй юм шиг.  Мөсөн шагай нь тийм ч их мөнгө хөрөнгө шаардах тоглоом биш, сайн сурталчилаад өгвөл олон хүн сонирхох нь тодорхой. Мөсний шагайн харвааны хот, аймаг, улсын аваргын тэмцээнүүд ч мөн болдог. Гэвч олон нийтэд бага сурталчилдаг юм шиг санагддаг. Энэ уламжлалт тоглоом Архангай нутагт хамгийн өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд Архангайгаас олон мэргэн харваачид төрсөн байдаг. Мөсний шагай нь хүний биед их тустай, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, хараа хурц, нарийн мэдрэмжтэй болгодог гэж шагайчид ярьдаг.

Алаг мэлхий өрөх

Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн брдбг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай.

Яст мэлхийн эрхтэн

Давсан 1 шагай,
зvрх 1 шагай,
нvд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сvvл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.

Image


Алаг мэлхий тоглох журам
Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.

Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

Хомборой

Гурав буюу дөрвөн шагайгаар ээлжлэн хаяж тоглох, цөм ижил буюу өөр буувал хожсонд тооцно.

Шагай өлгөлцөх

Шагай шүүрэх. Шагайцах, шагалцах (зарим газар шагай мацах гэдэг ч бий).